Нөмөргөнө цэцэг бол арчлахад хамгийн хялбар тасалгааны ургамлын нэг юм. Гэрэл багатай газарт байрлуулбал сайн ургана. Өөрөөр хэлбэл, нар тусдаг цонхноос 1,5 – 2,5м зайтай байхад яг болно. Нарны шууд гэрэлд тавьж болохгүй. Нарны хурц гэрэл ургамлын навчийг түлэх аюултай. Хэрэв навч шарлаж эхэлбэл гэрэл ихдэсний шинж тэмдэг учир гэрэл багатай газарт байрлуул.

Нөмөргөнө цэцгийг арчлахад усалгааг тохируулах хэрэгтэй. Услах ус нь зөөлөр хонуулсан ус байна.Уг цэцэг нь маш их ус шаарддаг, гэхдээ усалгаа хооронд хөрсийг бага зэрэг хатаах нь зүйтэй. Ургамлын навч унжийгаад ирвэл услах хэрэгтэй гэсэн үг. Услахгүй хэт удаан хугацаанд хөрсийг хуурай байлгавал доод хэсгийн навчнууд шарлаж эхэлдэг. Нөмөргөнө цэцэг нь бас чийглэг байхад маш их дуртай. Долоо хоногт хэдэн удаа усаар навчийг шүрших нь уг цэцгийг эрүүл сайхан ургахад тусална. Хамгийн тохиромжтой температур нь 18-25 градус. Өвөл бол +12 градусаас багагүй. Нэвт салхинд дургүй. Ер нь бол цэцэглүүлэхийн тулд том саванд суулгадаггүй. Өндөр нарийхан ваар хамгийн тохиромжтой.  Нөмөргөнө цэцэг нь агаар дахь нянг 60 хувь хүртэл бууруулах онцгой чанартайн дээр эмэгтэйчүүдэд бүр ч илүү ач тустай цэцэг юм. Энэ цэцэг нь гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болоход тусалдаг, хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг хэмээн үздэг. Мөн энэ цэцэг ургаж байгаа айлд хайр болон ойлголцол оршиж байдаг ажээ.